УИХ-ын ээлжит сонгууль ойртсон энэ өдрүүдэд аль тойрогт хэн ялах вэ гэсэн таавар, таамаг хөвөрсөөр. Бүр сошиалаар бооцоо тавьж ч байх шиг. Зарим нь хадаг өвөртлөөд лам багш, бөө зайранд бараалхаж ч байх.
Сав л хийвэл мэргэн түргэн хүн, бөө лам гэж гүйлдэх дуртай манайхан саяхан Монголд ирсэн Оросын зөн билгийн тулааны ялагч, \”Оросын хар шулам” гэгддэг Виктория Райдосыг дагаж хуйларсан сурагтай. Тэр ч байтугай зарим нэр дэвшигч ялах эсэхээ зөгнүүлэх гэж шөнө дөлөөр очсон гэнэ.
Оросын хар шуламын зөгнөснөөр Баянзүрх дүүрэгт МУГЖ, дуучин С.Жавхлан хол тасархай ялалт байгуулж, Хан-Уулд АН-ын Г.Батхүү, МАН-ын Ц.Нямдорж хоёр ялж, Сүхбаатар дүүрэгт АН-ын Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, МАН-ын Д.Цогтбаатар нар торойх юм байх. Бүхэл бүтэн Орос гүрнийг гайхшруулсан Виктория Райдосыг ийн зөгнөж байх зуур улстөрийн шинжээч гэж хэлж болох нийтлэлч Баабар бас өдөрт нэг удаа 5 ялагчийн нэрийг жиргээгээр зарлаж эхэлжээ.
Нийтлэлч Баабарын анализ дүгнэлтээр бол Баянзүрхэд Ч. Сайханбилэг, С.Жавхлан, Хан-Уулд Г.Батхүү, Ц.Нямдорж, Сүхбаатар дүүрэгт Л.Гантөмөр, Баянголд С.Одонтуяа, Ж.Ганбаатар, Сэлэнгэд С.Баярцогт, Увсад Н.Алтанхуяг, Завханд Я.Санжмятав нар ялалт байгуулах нээ.
Ийнхүү нэг талаас үзмэрчид, нөгөө талаас улстөрийн шинжээчид сонгуулийн ялагчдыг тодруулж байна. Зөн билэг, шинжлэх ухаан хоёр ийнхүү зарим нэг тойрогт адилхан байгаа нь сонирхолтой давхцал гэлтэй.
Эх сурвалж: duulian.mn