Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа 10.30 цагаас УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болох юм.
Мөн 14.00 цагаас Татварын багц хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болох хуваарьтай.
Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар:
1.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
З.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
7.Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
8.Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр УИХ-ын даргын захирамжид тусгагджээ.