Энхтайван цагт цэргийн албанд харамсалтайгаар амиа алдсан Б.Алтантулгын ар гэрийнхэн одоо Батлан хамгаалах яамны гадна суулт зарлалаа.
Суулт хийх шалтгаан нь харамсалтайгаар амиа алдсан хүүгийн шүүх хурлын шинжилгээний хариу “өвчний улмаас” гэж гарсан тул ар гэрийнхэн нь эсэргүүцэж байгаад юм. Тэднийг суулт зарласантай холбогдуулан яамныхан нь хүлээж авч уулзаагүй байна.
Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 0336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг Б.Алтантулга амиа алдсан билээ. Түүний золгүй байдлаар алдсан тухай мэдээллийг ах нь олон нийтийн сүлжээгээр зургийн нь хамт тавьж олон нийтэд хүргэсэн билээ.