ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх сарын тавныг хүртэл хойшиллоо. Энэ удаагийн шүүх хурлаас “Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 10 цаг хүртэл хойшлууллаа” гэж мэдэгдлээ.
Шүүгдэгч Б.Махбалыг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутгаж шүүж байгаа. Энэ удаагийн шүүх хуралд гэрчээр ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцохоор ирсэн байв. Харин хохирогчийн ар гэрийнхэн 11 хүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан юм.