Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн ажлын явцын талаар нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Иргэдэд төрийн үйлчилгээг \”Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор \”Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав салбарын үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 04-нөөс, Мишээл салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 18-наас, Драгон салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 23-наас эхлүүлсэн. \”Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна.
Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээдэд 406644 үйлчилгээг үзүүлсэн бөгөөд нэг үйлчилгээг дунджаар 7 цаг 15 минутанд шийдвэрлэж, хариу өгчээ. Эхний 200’000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 9 цаг 14 минутанд шийдвэрлэж байсан бол 2 дахь 200’000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 4 цаг 46 минутанд шийдвэрлэсэн байна.
Үйлчилгээ авсан иргэдээс үйлчилгээнийхээ чанар, стандарт, шуурхай байдлын талаар тогтмол үнэлгээ авч үйл ажиллагаандаа хяналт тавин ажиллаж байна. Үнэлгээ өгсөн иргэдийн 88.8 хувь нь маш сайн, 10.2 хувь нь сайн гэж үнэлжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1072 хувьцааны 30 хувийг мөнгөн хэлбэрээр олгох ажил, Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэний үнэмлэхтэй холбоотой үйлчилгээний ачаалал, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулнан үл хөдлөх хөрөнгийн хаяг дугаарыг бүртгүүлэх, хөдөлгөөн хийх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний ачаалал ихэсч байна. Засгийн газрын яам, агентлагуудаас энэ хугацаанд 6861 үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь нийт үйлчилгээний 1.7 хувийг эзэлж байна.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Удирдлагуудтай нийт 264 иргэн уулзах хүсэлт гаргаснаас 13 удаагийн уулзалтаар 131 иргэнийг хүлээн авч уулзжээ