ИЗНН-ын дарга С.Оюун Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс намынхаа залуучуудыг төлөөлөн уучлалт гуйсныг тус намын гишүүд, дэмжигчид өнөөдөр эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
ИЗНН-ын дарга С.Оюун өнгөрсөн бямба гарагт хотын дарга Э.Бат-Үүлийн өмнөөс сөрөг сурталчилгаа хийж буй намынхаа залуучуудын өмнөөс уучлалт гуйсан. Энэ үйлдэлтэй нь тус намын зарим гишүүд, дэмжигчид санал нэгдэхгүй байгаа аж. Тэр ч бүү хэл энэ үйлдэл нь намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсантай адил хэрэг мөн гэж үзэж буйгаа илэрхийлэв. ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга А.Баярхүү ИЗНН-ын дарга С.Оюуныг намаас хөөх хариуцлага тооцох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
А.Баярхүү цааш хэлэхдээ, \”Намын дарга С.Оюун намыхантайгаа зөвшилцөлгүй ийм үйлдэл хийсэн нь дарамт шахалтаас болсон уу аль эсвэл санаатай хийсэн үйлдэл үү гэдгийг намын хяналтын зөвлөлөөр тогтооно. Түүгээр намаас хөөх эсвэл өөр шийтгэл оногдуулах уу гэдгээ шийднэ” гэжээ.