УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Бүлгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Бүлэг гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт явагдсан гэдэг асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УЕП-ын орлогчийг зөвшилцөх тухай санал, гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
С.Зоригийн хэргийг шийдвэрлэх явцдаа иргэдийг эрүүдэн шүүснийг бүлгийн зүгээс буруушааж байгаа. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал юм. Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж бүлгийн зүгээс үзэж байгаа. Энэ асуудаар УИХ шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаар асуудал нь Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр ирүүлсэн УЕП-ын орлогчийг томилох асуудал. Хуулиараа ЕП-ын орлогчийн бүрэн эрхийг хугацаа дууссан. Хэдий зөвшилцөх асуудал ч гэлээ УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авах ёстой. Бүлгээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шалтгаан нь С.Зоригийн амь насаа алдсан хэрэг, эрүүдэн шүүсэн хэргийг эцэслэн шийдэгдтэл УЕП-ын орлогчийн асуудлыг хойшлуулж байна.
Гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх талаар Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д албан бичиг ирсэн. Одоогийн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учир дараагийн хүмүүсийг томилж өгөөч гэж хоёр хүний нэр ирсэн. Энэ асуудлаар өмнө нь Хууль зүйн байнгын хороо шийдвэр гаргасан. Байнгын хорооноос бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй учир өргөн барьсан хоёр хүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.
Мөн өнөөдрийн байдлаар Үндсэн Хуулийн Цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын хугацаатай холбоотой маргаан үүсгэсэн байгаа. Эрхзүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ шийдэх боломжгүй учир АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хойшлууллаа.
Энэхүү асуудлыг хойшлуулж байгаа нь С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй ч холбоотой” гэсэн юм.