Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах U23 насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж өнгөрлөө. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикстан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг зэрэг 12 орны 200 гаруй тамирчин оролцсон аж. Манай улсаас бөхийн сонгомол, чөлөөт бөх /эрэгтэй, эмэгтэй/ гурван төрөлд 30 гаруй тамирчид хүч үзжээ.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 53 кг-д Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд маань эх орондоо зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай 177 оноогоор багийн дүнгээр аман хүзүүлсэн. Харин бүсгүйчүүд (4 алт+2 мөнгө+4 хүрэл) хүртэж 200 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн болжээ.