НИТХ-ын өчигдөр болсон ээлжит XXIII хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод угаарын хий цацаж байгаа яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцууллаа.
Улаанбаатар хотод 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар найман чиглэлээр 32 арга хэмжээ авч байна. Түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөсөн байна.
Хотын захирагч С.Амарсайхан “Түүхий нүүрс түлдэг яндангийн тоог эрс цөөлнө. Улаанбаатарт ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавина. Баянгол дүүргийн нутагт жилдээ 10 мянган тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт угаарын хийг нүүрс хүчлийн хий болгож хувиргадаг шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ондоо ямар ч байсан багтаад үйлчилгээнд явж байгаа галт тэрэгэнд шүүлтүүр тавина” хэмээн хэллээ.
Түүнчлэн харьяа газар агентлагуудын дарга нарыг асуудалд ул суурьтай хандаж, хөрвөх чадвартай, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.