Замын-Үүдийн Улс хоорондын тээвэр эрхлэгч жолооч нараас мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрээн- Замын-Үүдийн чиглэлд хүн ба ачаа тээвэрлэлт хийдэг суудлын машин буюу уаз-469 маркийн 1000-аад машин байдаг. Эдгээр машины тээвэрчидийг жилийн өмнөөс хавчиж шахан ажиллаж амьдрах нөхцөлийг боогдуулж БНХАУ-ын гаалийн байгууллагын шийдвэр гэх нэрээр туйлын хүнд байдалд оруулж байна. Энд бид өөрсдийгөө болон уаз-469 машиныг өмөөрөх гэсэнгүй. Эзэнгүй юм шиг төр засагтай ард иргэдийн амьжиргааг үгүй хийж, дан ганц хятадын гаалийн байгууллагын гаргаад байгаа шийдвэр нь олон Монгол хүний эрх ашгаар тоглож байгааг хөндөх гэсэн юм. Бид сумын засаг даргадаа олон удаа хандсан боловч хятадын гааль уг шийдвэрээ улам чангалж бүхэл бүтэн нэг сумын иргэдийн амьжиргааг үгүй хийж байгааг төр засаг анхааралдаа авах цаг нь нэгэнт болжээ. Энэ олон тээвэрчидийн ард маш олон хүний амьдрал байдаг. Мөн бид улсаас ямар нэгэн ажлын байр,мөнгө төгрөг нэхээгүй ээ. Харин ч гаалийн татвар бүрдүүлэхэд улсдаа маш их хувь нэмрээ оруулж явдаг хүмүүс. Манай улс үйлдвэрлэгч орон биш, худалдан авагч орон. Ганзагын нэртэй наймаачид энэ боомтоор дамжин амьдрал ахуйгаа залгуулдаг. Тэгэхэд энэ хүмүүсийн авсан ачаа барааг яаж хилээр нэвтрүүлэх гээд байгаа нь тодорхой бус болж байна. Хүний нутагт байгаа мөнгөөрөө бараа авсан иргэд яахаа мэдэхгүй байдалд орж маш ихээр хохирсоор байгаа. Одоо бүр ямар ч тамга тэмдэггүй доор тавьсан бичгээр олон жолоочоос гарын үсэг зуруулж байгааг юу гэж ойлгох вэ. Ингэж Монгол улсын иргэдийг үүднээс нь эхлэн эрхэндээ оруулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй боллоо. Бид гарын үсэг зурахгүй гэхээр машиныг бүртгэлээс хасна гэх. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах байгууллага байна уу. Монгол улсын хамгийн эхэнд тавих үнэт зүйл бол монгол хүн өөрөө байх ёстой гэж бодож байна. Төр иргэнээ хамгаалж иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргуулж, ямар нэг дарамт шахалтгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь үндсэн үүрэг нь биш гэжүү. Монгол улсын гадаад хэргийн яам, Консулууд энэ боомтод болоод байгаа асуудалд анхаарлаа хандуулж, хоёр улсын найрамдалт харилцааныхаа шугамаар албан шийдвэр гаргуулж зохих газар нь хандаж өгнө үү хэмээн хүсэж байна.
Эх сурвалж: Замын-Үүдийн Улс хоорондын тээвэр эрхлэгч жолооч нар