Хэсэйн тооллын Япон улс шинэ эрин болох Рэйва тоололтой болж байгаагаа ард иргэддээ зарлалаа. Учир нь тус улсын хаан Акихито насан өндөр болсон гэх шалтгаанаар өөрийн хүсэлтийн дагуу хаан ширээгээ хүү Нарүхитод шилжүүлж байгаатай холбоотой. Япон улсад шинэ хаан өргөмжлөгдөх бүрийд шинэ тоолол эхэлдэг уламжлалтай. Тэгвэл сүүлчийн сардаа үргэлжилж буй Хэсэйн тоолол нь 1989 оноос эхэлсэн бөгөөд ийнхүү 2019 оны дөрөвдүгээр сарын 30-аар дуусгавар болж байгаа юм.
Харин тавдугаар сарын 1-нээс эхлэн тоологдох Рэйва тооллын нэр нь эрхэм дээд, амар амгалан гэсэн утгатай үг. Шинэ тоолол эхлэж буйтай холбогдуулан эхлэсэн оныг улсын хэрэглээний зоос, жолооны үнэмлэх болон бусад албан бичиг баримтуудад тэмдэглэн үлдээдэг аж.
Мөн энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдэд хандан тооллын нэрний утгыг тайлбарлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: BBC