АН-ынхан хэзээнээсээ өнгөрсөн үе рүүгээ нулимж сурсан улс. Төдийгөөс өдий хүртэл хийж хэрэгжүүлж ирсэн бүхнийг үгүйсгэнэ. Байтлаа улс орондоо хийсэн бүтээсэнтэй ахмад буурлуудаа хүртэл ад үзнэ. Олон жилийн дараа засгийн эрх барих боломжтой болуутаа ахмадуудыг хамгийн их ад үзсэн. Өнгөрсөн хугацаан дахь үе үеийн Засгийн газрын бодлогод ахмадууд зүй ёсоор багтдаг, тэдэнд чиглэсэн бодлого явуулж ирсэн түүхтэй. Гэтэл АН засагласан дөрвөн жилд ахмадууд ад шоо үзэгдэх болов. Тэр бүү хэл, жил бүр инфляцийн төвшинтэй уялдуулан нэмж байх учиртай тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь бүү хэл хасч танах тухай ч ярьж байлаа. Тийм ч учраас ахмадууд АН-д аль хэдийнэ \”баяртай” гээд хэлчихсэн сураг дуулдана. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй. Тийм ч учраас үе үеийн Засгийн газрын үндсэн бодлогод ахмадуудыг нэн тэргүүнд авч үздэг байлаа. Харин \”цэцэгнээс дэлбээлсэн” АН-ынхан ахмадуудын асуудлыг өнгөрсөн хугацаанд үндсэндээ хаясан учраас өнөөдөр амаа асуулгаж явна. Адаглаад Ардын намын зүгээс ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санаачилгыг удаа дараа гаргаж, бүх тооцоо судалгааг нь танилцуулж байлаа. Гэсэн ч эрх баригч АН-ынханд энэ үнэхээр онц асуудал байгаагүй. Тийм ч учраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар ам ч нээж байсангүй.
Эх орноо эн зэрэгт хүргэх гэж, дор бүрнээ хичээн ажиллаж ирсэн ахмадууд өнөөдөр өрийн сүлжээнд орчихсон суугаа. Бодит байдлыг зарим тоон мэдээллийн хамт үзвэл 2015 оны хоёрдугаар сарын байдлаар арилжааны банкуудаар олгогдсон тэтгэврийн зээлийн үлдэгдэл 340.7 тэрбум төгрөгт хүрч гурван жилийн өмнөх үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бол зээлдэгчдийн тоо энэ хугацаанд 40 орчим хувиар нэмэгдэж өдгөө 190.000-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах зээлдэгчдийн тоо мөнгөн дүнгийн хэмжээ эрс нэмэгджээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмад настны тоо 220 мянга байдаг гэж үзвэл үндсэндээ 90 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Тэд арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг ахмадуудад сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлтэй ахмадууд дээрх мөнгөн дүнгээс тооцож үзвэл сардаа нийт 5.3 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд нэг ахмад дунджаар 28 мянган төгрөг оногдож байгаа тооцоо гарч байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад буурлууд маань өмнө нь тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрал, ахуйгаа залгуулж байсан бол өнөөдөр авсан тэтгэврээ тэтгэврийн зээл, зээлийн хүүнд өгөөд ч хүрэлцэхгүй хүнд байдалд амьдарч байна.
Д.БААТАР
Эх сурвалж:Монгол ардын намын сонгуулийн штабаас