Үндэсний их баяр наадмыг угтаж маргааш буюу 2016 оны 06 дугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэнэ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарна. Нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газруудаас гадна Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцоно.
Мөн зуслан, ногоон бүсийн зам дагуу болон уулын бэл, модон дотор үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн 50 м орчмын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч ажиллана. Нийслэлийн авто замын газар авто замын засварын ажлаас гарсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавина. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан барилга байгууламжаас үлдсэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах юм гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.