Уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар Америкийн худалдааны танхимын чуулга уулзалтад оролцон өөрсдийн барьж буй бодлогын талаар мэдээлэл өгч, хүмүүсийн асуултад хариулсан юм.
Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтээс үүдэлтэйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г гаргах ажил удааширсан байгаа. Учир нь энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай зэрэгцэн арваннэгдүгээр сараас эхэлсэн улстөржилт ихээхэн нөлөөлсөн. Ингээд хууль сая л нэг юм батлагдаж, зургаадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол тендерт хамгийн бага үнэ санал болгосон бараа, үйлчилгээг сонгох ёстой. Ингээд үнэ доошилохоор үйлчилгээний чадамж бас дагаад доошилдог. Тиймээс шинэ хууль зургадугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэхээр хамгийн сайн хуулийн фирм, зөвлөх банкыг сонгож IPO амжилттай гаргах бодолтой байгаа.
Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах тухай УИХ-ын тогтоол батлагдсан байдаг. Энэ компани шиг улсын бүх иргэд хувьцааг нь эзэмшдэг компани дэлхийд байхгүй. Улс төрийн энэхүү шийдвэрээс болж монгол улсын бүх иргэн хувьцаа эзэмшигч болсон. Үүнээс үүдэлтэйгээр IPO хийх амаргүй байна. Ийм тооны хувьцаа эзэмшигчийг Лондон, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж аль нь бүртгэх вэ гэдэг асуудал байна. Гэхдээ бид амалсан ёсоор IPO-г амжилттай болгохын төлөө ажиллаж байгаа.