Бантангийнхаа тухай хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ.
Манай монголчууд эрт цагаас хүүхдээ бантангаар эхэлж борог хоолонд оруулж ирсэн уламжлалтай. Таван сар болсон өдөр нь нэг халбага бантан өгдөг гэж хөгшчүүл ярьдаг байсан.
Ингээд дасгасаар ихэсгэж өгдөг юм билээ. Энэ нь монгол хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд дасан зохицсон байдгийг мэддэг байсан биз ээ.
Бантанг залуу хонины гуяны махаар хийсэн шөлөнд имэрсэн /алгадсан ч гэж ярьдаг/ гурил хийж цөөн минут буцалгаад хөргөж өгдөг. Энэ бантанд юу юу агуулагдах вэ гэхээр усанд болон тосонд уусдаг бүхий л төрлийн витаминууд, мөн төгс уураг агуулагдана. Тосонд уусдаг Д болон Р-ийн төрлийн витаминууд хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг.
Төгс уураг гэдэг нь хүний биед зайлшгүй хэрэгцээт амино хүчлийг агуулсан уураг юм. Малын мах болон сүүний уураг нь төгс уураг юм.
Ургамлын гаралтай уургууд төгс уураг биш. Гурилны хувьд бид хар гурил биед сайн гэлцдэг.
Хар гурилын цагаан гурилаас илүү зүйл нь эслэг их хэмжээгээр агуулагддаг. Эслэг бол хүний биед огт шингэдэггүй боловч гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг сайн талтай бүтээгдэхүүн.
Өөрөөр хэлбэл хөвөн юм шүү дээ. Хөвөн бол цэвэр эслэг. Эслэг хүний биед ороод задарч тэжээл болдоггүй. Харин хивэгч малын гэдсэнд задардаг. Хөдөлгөөний дутагдалтай суудлын ажилтай хүмүүс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө дэмжих гэж эслэгтэй хоол сайн гэдэг болохоос бус ид дэгэж дэрвэж яваа жаахан хүүхдүүдэд бараг хэрэггүй эд.
Цагаан гурилд хар гурилд ч ялгаагүй үндсэн хэсэг нь цардуул юм. Цардуул хүний биед ороод глюкоз болж хувирдаг. Глюкоз бол энергийн эх үүсвэр бөгөөд уураг тархины үнэт тэжээл юмаа. Бантангийн найрлагыг задалж үзвэл ийм л байна.
Хүнс судлалын ухааны магистр С.Батжаргал