Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын Ази тивийн АШТ-ий жин тус бүрийн мөнгөн медалийн төлөөх тоглолтууд явагдлаа. Монгол улсаас найман боксчин хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байсан юм.
Тэгвэл тэмцээний 60 кг-ийн жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Ш.Рахимовотой тоглож 5:0-ийн харьцаатай буулган авлаа. Харин алтан медалийн төлөө Казакстаны З.Сафиуллинтай тоглохоор таарчээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габукод, 54 кг-д М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шианд, 60 кг-д М.Намуун Тайваны Ву Шиед, +81 кг-д Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонгод, эрэгтэйчүүдийн 56 кг-д.Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синхт, 81 кг-д Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинд ялагдсанаар хүрэл медаль дээрээ буулаа. Харин 64 кг-ийн жинд тоглосон Б.Чинзориг эмчийн магадлагаагаар тэмцээнээ дуусгасан байна.