Эрүүл мэнд, спортын яам,ХасБанк элэгний \”С” вирусийг илрүүлэх, эмчлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, санамж бичигт Эрүүл мэнд, спортын яамны сайд С.Ламбаа, ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХасБанк нь шаардлага хангасан нэгдсэн эмнэлэгүүдийг \”С” вирус тоологч аппаратаар хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төдийгүй Эрүүл мэнд, спортын яамтай хамтран элэгний \”С” вирусийг эрт үед нь илрүүлэх, эмчлэх чиглэлээр нийгэмд хандсан сургалт сурталчилгааг зохион байгуулах юм байна.
Мөн Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаануудын нэг болж буй элэгний хавдрыг үүсгэгч \”С” вирусийг эмчлэх эмийг хэрэглэгчдэд хүргэх, үүнтэй холбоотой иргэдэд тулгарч буй санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хамтын ажиллагаа чиглэгдэнэ. Тухайлбал, ХасБанк элэгний \”С” вирусийн оношилгоо, эмчилгээ хийлгэж буй иргэдэд өөрийн шалгуур, нөхцөлийн дагуу хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.
Зээл нь гурван жилийн хугацаатай, 4 сая төгрөг хүртэлх хэмжээтэй, зах зээл дээрх хамгийн бага буюу 1.2 хувийн хүүтэй байх юм. Зээлийн мөнгийг эмчилгээний зээлд зориулан тусгайлан гаргасан төлбөрийн картад олгох бөгөөд уг картыг одоогоор ХасБанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Интермед, Гранд мед, Сонгдо эмнэлэгүүд, Хаппи Веритас, Гялс, Мед аналитик, Стандлаб, Онкоген, Итгэл, Элэгний төв лабораториуд болон Омбол, Монгол эм импекс эм ханган нийлүүлэгч байгууллагуудын карт уншигч машинд уншуулан эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө төлнө. Ингэснээр зээлдэгч нь зээлээ зөвхөн өөрийн эмчилгээнд зориулах давуу талтай юм.
Хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ 7-р сарын 4-өөс хэрэгжиж эхлэх бөгөөд цалин болон бизнесийн тогтмол орлоготой, элэгний \”С” вирусийн эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэд ХасБанкны Улаанбаатар салбаруудад хүсэлт гаргасанаар зээлээ шийдүүлэх боломжтой юм байна.