УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07:00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.
2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Мөн санал авах байр бүрт ажиглагч байгаа бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд 3966 төрийн албан хаагч оролцож байна.
Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу