Яг одоо орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ жил 1.9 сая хүн сонгууль оролцох эрхтэй болсон. Тэдгээрийн 30-аад хувь нь одоогийн байдлаар саналаа өгчихөөд байна. Гэхдээ идэвх сул байгаа тойргууд олон байна.
Тэгвэл энэ жил гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд санал өгөх эрхгүй болсон юм. Уг нь 2012 онд гадаадад буй Монголчуудын ирц өндөр хувьтай байлаа. гэвч тэдний саналыг авахгүй байхаар энэ удаагийн сонгуулийн хуульд тусгагдсан юм. Үүнээс болоод 150.000 гаруй Монголчууд \”хүний тооноос хасагдсан\” хэмээн гомдол илэрхийлцгээж байна.
Тухайлбал нэгэн фейсбүүк хэрэглэгч \”Монголд хүмүүс бүгд сонгуулиа өгч, иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн гээд бахархалтай бичилдээд, харин гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд бид харж суухаас сонгох эрхгүй, эх оронгүй, хөсөр хээр хаягдсан хүмүүс шиг л байхаар бухимдал өөрийн эрхгүй төрөөд байна. Хүн бүрт жигд үйлчлэх Шударга ёс, Тэгш эрх нь хаана байнаа. Миний хувь заяа, ирэх ирээдүйг хүмүүс яаж сонгож байгаа бол? гээд толгойгоо бусдад даатгаад суумааргүй байна\” хэмээн өөрийн сэтгэгдлийг бичжээ.