Монголчууд жилдээ дундажаар бод, бог нийлсэн 12 сая толгой малын мах хэрэглэдэг юм билээ. Үүнээс нэлээдгүй хэсэг нь экспорт, үйлдвэрлэлд явдаг. Өнгөрсөн урьд өмнө байгаагүй их мал нядласан сураг бий. Энэ юутай холбоотой вэ гэхээр Төр засгийн зүгээс тэрбум ам.долларын мах Хятад руу гаргана гэж зарлангуут махны ченжүүд газар дээрээс нь буюу малчдаас маш их мах авсан. Эмээлтэд гурван айлын газрыг хүртэл 150 саяар авч махны үйлдвэр, зоориуд ихээр баригдсан юм. Мөнгөтэй хятадууд орж ирээд махны ченжүүдийг хөдөлгөсөн хэрэг. Ийм үйл явц болох байсан. Алсын хараатай бодлоготой төр засаг байсан бол үүний эсрэг нөөцлөлт юм уу, татварын бодлогоор арга хэмжээ авчих байсан юм.Одоо яалтай билээ. Ам алдвал барьж болдоггүй шүү дээ Хүрэлсүх ээ. Өнгөрсөн жил хийсэн их мах зооринд байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдсэн. Тэглээ гээд дээрэмдэлтэй биш, уран нарийн аргаар гаргуулах хэрэгтэй. Махны ченжүүд манийгаа хайрлан махаа гаргана гэж байхгүй. Тэд 100 мянга хүрсэн ч дахиад өсч магадгүй гээд гүрийх улс.
2000 оны хавьцаа хавар цагт махны үнэ огцом өслөө. Яг одоогийнх шиг Нийслэл хот олигтой нөөцөлсөн махгүй байлаа. Тухайн үед Орос, Хятад, Арабын нэгдсэн Эмират руу мах гаргах гэх ченжүүд нөөцөлчихсэн. Гэтэл хотын захиргааны үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга полдгор залуу махны үйлдвэрүүдийн удидлага уулзах үеэр “Манайд малын боом өвчин гарсан учир Хятадууд хилээ хааж магадгүй” гээд хэлчихсэн. Ерөнхийдөө бол жил бүр малын өвчин гарч хил хорио тавигддаг байсан үе. Тэгэнгүүт маргааш гэхэд дэлгүүрүүд, хямд мах, хиам, лаазласан таташаар бялхаж, зах дээр махны үнэ навс унаж, рестран, зоогийн газруудтай зоорины эзэд гэрээ байгуулах чичирч байсан юм. Хил гаалийнхан ч сүртэй мэдэгдэл хийгээгүй учраас хаваржингаа хотынхон тарган мах зооглож билээ. Энэ бол түүх юм даа.
Өнгөрсөн жилийн тэр их мах зооринд байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр мэдэж байгаа. Зоорины эзэн эх оронч биш, наймаачин учраас ашгаа бодоод та бидэнд зарахгүй. Тэдэнд буу тулгах, булаах ямар ч хуульзүйн зохицуулалт үгүй учир уран нарийн аргаар заруулах хэрэгтэй. Дээрх арга болхи л доо. Тийм учраас төр засаг, хүчээр биш уран нарийн аргаар ченжүүдийн гар дээр байгаа махыг заруулах (Бага зэргийн заль байж болно доо. Чингис хааныг хүртэл суу заль хослосон гэдэг биз дээ) ухаан зарах хэрэгтэй.
Б.Жаргалсайхан