Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Володимир Зеленський нь өнгөрсөн сарын 21-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн шатны хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Өчигдөр Украины шинэ ерөнхийлөгч Володимир Зеленский Дээд Радагийн танхимд тангараг өргөж, үүрэгт ажилдаа оржээ. Тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлж, төрийн дуулал эгшиглэсний дараа Зеленський 16-р зууны үед бичигдсэн үндсэн хуулийн гар бичмэл, Евангелийн судар дээр гараа тавин тангарагаа өргөж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчийн тамгаа гарджээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрийн тангараг өргөх ёслолын дараа Верховная Рада буюу Украины парламентыг тараах шийдвэр гаргаж байгаагаа зарласан байна.
Тэр бас өмнөх ерөнхийлөгч Петро Порошенкогийн хүмүүс болох Улсын ерөнхий прокурор, батлан хамгаалахын сайд, аюулаас хамгаалах газрын дарга зэрэг өндөр албан тушаалтнуудыг огцрохыг уриалжээ. Үүний дараахан дээрх албан тушаалтнууд болон Ерөнхий сайд Володимир Гроисман нар огцрох шийдвэр гаргасан байна.
Ерөнхийлөгч Дээд радаг тарааснаар аравдугаар сарын 27-нд болохоор товлогдоод байсан парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар болж байгаа юм.
Зеленский бас хэлсэн үгэндээ “Миний хамгийн түрүүнд хийх ажил бол Донбаст дайны галыг зогсоох юм. Бид энэ дайныг эхлүүлээгүй ч дуусгах эсэх нь биднээс хамаарна” гэж мэдэгдлээ.
Мөн төрийн албан хаагчдыг ажлын өрөөний хананд өөрийнх нь хөргийг залахгүй байх, оронд нь хүүхдүүдийнхээ зургийг өлгөхийг уриалсан байна.
“Хүүхдүүдийнхээ зургийг хананд өлгөөд шийдвэр гаргах бүртээ тэдний нүд рүү харж бай” гэж Зеленский төрийн албан хаагчдад зөвлөжээ.
Хэлсэн үгийнхээ эцэст тэр “Өнөөдрийг хүртэл бүх амьдралаа би Украинчуудыг инээлгэхэд зориулсан. Ирэх таван жилийн хугацаанд би Украинчуудыг уйлуулахгүйн төлөө бүхнийг хийнэ. Украины алдар бадраг!” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters