Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай зарлаад буй.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд зураг төслийн мэргэжлийн байгууллагатай хамтран оролцох боломжтой. Сүхбаатарын талбайн урд хэсгийн тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ энэ сарын 29-ний 16.00 цагаас өмнө нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт авчирч өгөх юм. Одоогоор 10-аад аж ахуйн нэгж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас дэвсгэр зураг аваад байгаа аж.
Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгь орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.