Өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өөрийн албан тушаал болон намынхаа даргын албанаас огцрох болсноо мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдлийг хийх болсон шалтгаанаа Их Британийг Европын холбооноос гаргах Brexit-ийн ажлыг амжилттай сайн удирдаж чадаагүйтэй холбон тайлбарлажээ. Түүний хувьд улс орноо Европын холбооноос гаргах үйл ажиллагааг явуулсан хэдий ч үр дүнд хүрээгүй учир энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм.
Хамгийн сүүлд Тереза Мэйн зургаан минут орчим үргэлжилсэн мэдэгдлийн ихэнх хэсэг Brexit-ийн гэрээг парламентаар дэмжүүлэх талаар өгүүлж байсан бөгөөд уг оролдлого нь парламентаар дэмжигдээгүй нь албан үүргээ өгөх шалтгаан болж байгаа аж.
Өдгөө 62 настай тэрээр Дэвид Камероны дараа Британийн ерөнхий сайдаар томилогдож, энэхүү албыг гуран жил орчим хугацаанд хашсан юм. Үүнээс өмнө 2010-2016 онд тэр Британийн дотоод хэргийн сайдын албыг хашиж байв.
Одоо Мэйг залгамжлах магадлалтай хүмүүсийн эхэнд тус улсын гадаад хэргийн сайд асан Борис Жонсоны нэр яригдаж эхэлжээ.