БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотноо тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа. Тэд өмнө нь 2017 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан.
Эрэгтэй шигшээ баг Австрали болон БНСУ-ын шигшээ багтай тэмцээний С хэсэгт багтан хэсгээсээ хоёроор шалгаран дараагийн шатанд тоглох эрхээ авсан. Тэд хасагдах шатны 1/4 шигшээд Йорданыг 21:16-ын харьцтайгаагаар, хагас шигшээд Казахстаныг 21:13-ын харьцаатайгаар хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай дахин толосон юм. Ингээд шигшээ тоглолтод Австралийн багтай дахин тоглож, 21:9 харьцаатай хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ. Тэд өнгөрсөн жилийн ААШТ-ий шигшээд Австралийн шигшээ багтай тоглож, 17:16-ын харьцаатай хожигдож байсан юм. Шигшээ тоглолтод хожигдсон хэдий ч гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч байгаа нь томоохон амжилт гэдгийг онцлоё.
Харин эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14-ийн харьцаатай хожигдсоноор тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүллээ. Тэдний хувьд 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан билээ.