Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийг томилох асуудал үргэлжилж байна. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд ҮХЦ-д Г.Баясгаланг нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.
УИХ-аас нэр дэвшүүлж ҮХЦ-ийн гишүүнээр томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч дөрөвдүгээр сард дууссантай холбогдуулан энэхүү томилгоог хийж байгаа аж.
Нэр дэвшигч Г.Баясгалан нь одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм.
Тэрээр 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.
1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.
Байнгын хороонд танилцуулгыг хийсний дараа Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн санал өгчээ. Иймээс энэ талаарх албан бичгийг Байнгын хорооноос Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд нэр дэвшигчийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.