Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа WBC холбооны аваргын бүсийн төлөө хийхээр болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Fox телевизээс бидэнд ирэх наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг товлосон. Тоглолтоос өмнө Монголдоо хэдэн өдөр сайхан амраад авъя гэж бодож байна. Өрсөлдөгч Гарри Рассел энэхүү тулааны саналыг хүлээж авахгүй бол WBC өрсөлдөгчийн маань бүсийг хурааж авна. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй байгаа. Гар нь гэмтэлтэй байгаа учир жилд нэг тоглодог тамирчин гэж сонссон. Хэрэв саналыг хүлээн авбал наймдугаар сарын 3-нд шууд аваргын тулаанаа хийх юм.
Тоглолтын бэлтгэл арай хангагдаж амжаагүй байна. Гэхдээ би ялна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа. 2017 онд шөрмөсөө сунгаж маш том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй болохоор гарны гэмтэл хурдан сэдэрдэг. Үүнээс болж нэлээн хэдэн тоглолтыг алгассан.
Би нэг л зүйлийг их зорьж байна. Тэр нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх юм.
Америкт очоод эхний үед бэлтгэл хийхээр хэцүү байдаг байсан ч одоо бэлтгэлийн хэмнэлдээ дассан. Боксын бэлтгэл, арга барил гээд бүх зүйлийг шинээр эхэлсэн.
Мэргэжлийн боксчин болохыг би таван настайгаасаа л хүссэн. Зарим хүн намайг Инчеоны Азийн наадамд ялагдал хүлээснээсээ болж, мэргэжлийн боксод орсон гэдэг ч тэр ялагдал миний хувьд юу ч биш байсан” гэж мэдэгдлээ.