МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр \”Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Нисэх буудлуудын удирдах газрын мэргэжилтэн Б.Ганхуяг ярихдаа, \”Улаанбаатар хотод Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор долдугаар сарын 13-ны өдрийн 01.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийн 23.30 цаг хүртэл Чингис хаан олон улсын нисэх буудал руу нэвтрэх хувийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх шийдвэр гарлаа.
Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудал руу дээрх хугацаанд хүн тосох хувийн автомашин орохыг хориглоно. Тусгай автобус олон улсын нислэгийн зорчигчдыг \”Буянт-Ухаа\” спорт цогцолборт хүргэх бөгөөд хувийн автомашинууд эндээс хүнээ тосно.
Харин дээрх хугацаанд орон нутгийн нислэгээр зорчигчдын явах, ирэх үеийн үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр зохион байгуулна. Нисэхийн аюулгүй тойрог Буянт-Ухаа руу явах чиглэлд замын тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Иргэд энэ талаарх мэдээллийг \”1900-1980” утсаар авах боломжтой” гэв.
Орон нутгийн нислэгт урьдчилан зохицуулалт хийсэн бөгөөд цагт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг албаныхан хэллээ. АСЕМ-ын үеэр 29 агаарын хөлөг ирэх бөгөөд цагийн зохицуулалтыг хийсэн учир буух зурваст ямар нэгэн асуудал үүсэхгүй юм байна.
Эх сурвалж: \”Монцамэ\” агентлаг