Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, төслийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ жилийн хувьд ЖДҮХС-гаас 2252 иргэн, аж ахуй нэгж нийт 487 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүссэн төсөл ирүүлсэн байна. Үүнээс:
– Орон нутаг- 106 тэрбум санхүүжилт хүссэн 1631 төсөл
– Улаанбаатар- 381 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 1411 төсөл ирүүлсэн.
Энэ оны зургаадугаар сарын зургаан буюу өнгөрсөн Баасан гарагт батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар 300 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг сангаас, үүнээс дээш хэмжээтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон байна.
Сонгон шалгаруулалтыг дөрвөн үе шаттай явуулах бөгөөд аж ахуйн нэгж, иргэд ямар шалгуур хангаад, төсөл нь хэддүгээр шатанд явааг гар утас дээрээсээ цахимаар хянах боломжтой гэсэн юм.
Энэ жил ЖДҮХС-аас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлттэй төслүүд ирсэн хэмээн мэдэгдлээ.