Энэ долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан УИХ дахь АН-ын Зөвлөлд нэгдэх хүсэлтээ хүргүүлсэн билээ. УИХ-д намын бүлэггүй болсон С.Эрдэнэ дарга ч энэхүү хүсэлтийг нь уриалгахан хүлээн авч, өчигдөр түүнийг намын зөвлөлдөө нэгтгэлээ.
О.Баасанхүү гишүүний хэлсэнчлэн тэдний ийнхүү гар барьж байгаа шалтгаан нь Үндсэн хуулийг хэлэлцэх үед АН-ын зүгээс чуулганы завсарлага авах эрхтэй болгохын тулд гэж байгаа. УИХ-ийн тухай хуулинд Зөвлөл чуулганы завсарлага авах боломжгүй болохыг заасан учир ийнхүү тэд ийнхүү нэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудалд гацаа үүсгэх гэж байгаа бололтой.
Эрх мэдэл, ашиг сонирхол хоёр хүнийг хэзээ ч нөхөр болгодог, хэзээ ч дайсан болгодог гэдэг. Энэ үг үнэн болохыг тэдний энэхүү гар барилт харуулж байна. Саяхан л юм. Одоогоос 13 сарын өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон О.Баасанхүү нар байнгын хорооны хурал дээр бие биенийгээ мэдрэл муутайгаар нь дуудаж нэлээн ширүүн хэрэлдэж байсан гэдгийг мартах арай л мартах болчихоогүй байна.
“Гараад зайл л даа” хэмээн байнгын хорооны хуралдаанаас О.Баасанхүү гишүүнийг хөөж явсан С.Эрдэнэд Үндсэн хуулийг гацаах гэсэн ганц арга нь энэ бололтой. Тэрээр өөрийн нь хэлдэгчлэн “дандаа солиорч явдаг” О.Баасанхүү гишүүнтэй нэгдэж ийнхүү улсын “Эцэг хууль”-ийг гацаахаар зориг шулуудсан бололтой.
Монгол Улсын Үндсэн Хуулийг өөрчилж, улс төрийн элдэв асуудал үүсгэдэг явдлыг таслан зогсоох гэсэн эрх баригчдын хүслийг зогсоох гэсэн тэдний энэхүү явуургүй арга хэмжээ нэг их хол явахгүй нь мэдээж. Ард иргэд, эрдэмтэн мэргэдээсээ санал авч, олон сар жилээр ярьж, шүүн тунгаасан энэхүү өөрчлөлтийг тэдний гар барилт зогсоож чадахгүй.