УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэхийг бүлгийн хувьд дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ хэрхэн шийдэхээс дараалал хамаарна. Маргааш УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэхийг шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын долоон хоног байна.
Бидний төлөвлөж байгаагаар наадмын өмнө хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Наадмын дараа “гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих үү, Ард түмний санал асуулга явуулах уу” гэдгээ УИХ-аар шийднэ. Хуулийн хүрээнд явагдах учраас Үндсэн хуультай холбоотой асуудал есдүгээр сарыг дуустал үргэлжлэх товтой байна” гэж мэдэгдлээ.