Өчигдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж өнгөрсөн.
Энэхүү хуралдааны үеэр төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастай баримтыг байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хуралдааныг хаалттай горимоор шилжүүлж үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: – Ер нь бид нар хулгай луйврын асуудлаа “МАШ НУУЦ” гэсэн төрийн тамга дарж нуудаг. Ингэж нууж, хаацайлдгаа болих хэрэгтэй. Тамхи наймаалсан, гэмт хэрэгтнүүдийг юуг нь нуудаг юм бэ. МАНАН-гийн үед мафийн системд шилжсэн.
Монгол улсын нэр хүндийг унагасан, ял эдлэх ёстой, Монголын төрөөс зайлуулах ёстой хар данс бий болгосон, төрийн дипломат паспортыг ашиглаж гэмт хэрэг хийж байгаа энэ асуудлыг өнөөдөр бид ил тод нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал нууж байгаад толгойг нь илээд өнгөрдөг байж болохгүй. Үүнээс болж асуудал дахин дахин даамжирсаар байна. Өнөөдөр 70 кг геройн зөөж байгаа дипломат алба маргааш юу зөөх вэ? Утаат тамхины наймаачдаа толгойг нь илээд элчин сайдаар эргүүлэн томилж явуулаад байсан. Ингэж л толгой цустах байж.
Хууль бус наймаанд холбогдсон элчин сайдуудын бүхэл бүтэн жагсаалт байна. Тэр бүх жагсаалтаа ард түмэнд ил болгож байгаад асуудлаа шийдье. Хэний ямар хүний сүлжээ байдаг вэ гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Үүнийг ил болгох цаг болсон. Хаалттай хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж байна” хэмээн хатуухан дуугараад авлаа.