Хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Уг зарлигийг гаргахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналд үндэслэсэн болохоо зарлигтаа дурдсан.
Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Нямбаатар нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, дараах нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн юм.
Тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид
1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ.
Дээрх УИХ-ын таван гишүүн энэ долоо хоногт Улсын Дээд Шүүхийн гадна эсэргүүцэл зарлаж, шүүгч нарыг огцрохыг шаардсан билээ.