Өнөөдөр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллаганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон салбар яамдын сайд, холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Тус хурдны зам нь мөн энэ өдөр нээлтээ хийж буй шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбох үүрэгтэй баригдсан бөгөөд БНХАУ-ын тусламжтайгаар 143.2 сая ам.долларын өртөгөөр босгожээ. Шинэ зам нь хоёр эгнээтэй, зургаан урсгал бүхий, зургаан гүүр, 20 нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтай, зам хяналтын камер, хурд хэмжигчтэй Монгол улс дахь анхны хурдны зам болж байгаагаараа онцлогтой. Зам нь бүтцийн хувьд 20 см асфальтан хучилттай, 20 см цементэн суурь, 20 см чулуун суурьтайгаар тавигджээ.
Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК 2015 оны 9 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулж 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Ард капитал” ХХК ажилласан байна.