Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Монгол улсын даамчид амжилттай оролцлоо. Энэ удаагийн тивийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 46 тамирчин оролцсон бол тэднээс 30 тоглогч медаль хүртсэн байна.
Монгол улсын баг тамирчид нийт 59 медалийн болзол хангасан бөгөөд үүнээс 15 алт, 25 мөнгө, 19 хүрэл медаль хүртжээ. Нийт хүртсэн медалийг ангилбал, зуун буудалт даамын үндсэн төрөлд 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл, блиц төрөлд 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл, рапид төрөлд 2 алт, 8 мөнгө, 5 хүрэл, 64 буудалт даамын үндсэн болон блиц төрлөөс тус бүр 1 хүрэл, рапид төрөлд 1 мөнгө, турк даамын төрөлд 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ тэргүүлсэн амжилт гаргажээ.
Манай даамчидаас охидын 8 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал 3 алт, 2 мөнгөн медаль хүртэж хамгийн олон медаль хүртсэн даамчинаар тодорсон байна. Мөн Г.Гэрэлмаа (Хөлөгт тоглоом) 4, Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), Х.Өнөмөнх (Ирээдүй) 3, Н.Лхагвадолгор (Ирээдүй), Б.Сэлэнгэ (31-р сургууль) нар тус бүр гурван медаль хүртжээ.
Сонирхуулахад, ААШТ-д 100 буудалт даамын үндсэн төрөлд ахмадын ангилалд түрүүлсэн Д.Дорж энэ жил 79 настай аж. Тэгвэл шинэ их мастер Б.Мишээл 15, Б.Мөнхжин 22 настай. Тэд Монгол Улсаас төрсөн найм, ес дэх Их мастер болж байгаа юм.