Баян-Өлгий аймагт хоёр иргэн тарваган тахал туссан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд тэдэнтэй цуг мах идсэн гурван иргэний нь хамт тусгаарлан эмчилж байгаа аж.
Өнгөрөгч ням гаргийн шөнө аймгийн Эрүүл мэндийн газарт нэг гэр бүлийн хоёр иргэн дотор нь муухайрч, гүйлгэж, биеийн халуун нь нэмэгдсэн гэх зовуурьтай иржээ. Тэднийг хүлээн авсан мэс заслын тасгийн эмч ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүй болохыг тогтоон, Тархвар судлалын тасагт шилжүүлжээ. Тухайн үед иргэн Б, О нар нь тарваганы мах идсэнээ эмчид хэлсэн бөгөөд анхан шатны үзлэгээр тахал туссаныг нь тогтоосон байна. Үүний улмаас тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг олж, нийт таван хүнийг тусгаарлан эмчилж эхэлжээ.
Одоогоор тэдгээр таван иргэний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ямар хэлбэрийн тахал туссан эсэхийг өнөөдөр тогтоох юм байна.