Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон билээ.
Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг авлигын хэрэг хэмээн үзэж АТГ-т үргэлжлүүлэн шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэргийг шилжүүлсэн байна.
Сэжигтэн Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн хуйвалдаж, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ.
Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна. Авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм байна.
Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч, Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буюу Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж буруутган, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэрэв Н.Батсүх нарын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com