Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнээр тус улсад дараагийн Ерөнхий сайдыг сонгох сонгууль болохоор болсон билээ. Тэгвэл өчигдөр явагдсан эрх баригч Консерватив намын гишүүдийн дунд явуулсан санал хураалтаар тус намын даргаар Борис Жонсон сонгогдсон байна.
Консерватив намын 160,000 гаруй гишүүн саналаа өгснөөс 92,153 нь Борис Жонсоныг, 46,656 нь гадаад хэргийн сайд Жереми Хантыг дэмжжээ.
Ингэснээр Лондон хотын дарга асан, гадаад хэргийн сайд асан Борис Жонсон Тереза Мэйг залгамжилж Их Британийн Ерөнхий сайд болох боломжтой болж байгаа юм.
Борис Жонсон нь Их Британийг Европын холбооноос гаргах хөдөлгөөний гол удирдагч бөгөөд санал хураалтад ялсныхаа дараа “ямар нэг гэрээ байгуулж чадсан, чадаагүй аль ч тохиолдолд аравдугаар сарын 31-нээс өмнө Британи улс Европын Холбооноос гарна” хэмээн мэдэгдлээ.
Өнөөдөр Хатан хаан Элизабет II түүнийг ерөнхий сайдын албан тушаалд томилно.
Борис Жонсоныг намын даргаар сонгогдсоны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоны сонинд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр сайн хүн Британийн ерөнхий сайд болох гэж байна. Тэр Brexit-ийг хийж чадах хүн” гэжээ. Мөн тэрээр “Хүмүүс түүнийг Британийн Трамп гэлцдэг. Энэ бол тун сайн хэрэг” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC