Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв. Уг албан бичигт \”Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.
Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.
Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.
Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.
Үндэстэн агентлаг