Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, Зуун айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, зарим нэг ажлуудыг урагшлуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Хотын Захирагчид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын орлогч дарга Б.Алгаа болон замын ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийн төлөөлөл замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт юм байна. Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг энэ сарын 10-нд нээгээд үргэлжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замыг бүрэн хааж, орчны аюулгүй байдлыг ханган шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Ажил хэдий урагштай байгаа ч замтай холбоотой хоёр, гурван асуудал байна. Зам засварын ажлын талбар аль нь гэдэг мэдэгдэхгүй, худалдаа наймааны цэгүүдтэйгээ холилдсон ийм ойлгомжгүй байж болохгүй. Зохион байгуулалтаа сайжруулж ажилла. Замыг бүрэн хааж ажлуудаа хий. Мөн гүйцэтгэгч компани материалын чанар, стандартад хяналт тавьж, шаардлага хангасан материалаар хий. Хүний нүдэнд харагдахгүй юм чинь юугаар ч хийсэн хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Одоо хийсэн байгаа энэ холбооны хамгаалалтын шугамын хоолой чинь гарын ая даахгүй, даац авахгүй байна. Хэдхэн сар, жилийн дараа энэ чинь ямар ч хэрэглээгүй болж дахин энэ замыг ухаж засах ажил гарна. Ийм ажил хийх ёсгүй. Энэ 100 метр газарт суулгасан хоолойгоо бүгдийг нь буцаан хуулж аваад, шаардлага хангасан хоолойг нь хий. Хяналт тавих газрууд нь хяналтаа сайн тавьж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны удирдлагуудад өгсөн юм.