Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо. Өнгөрөгч долоодугаар сарын 29-30-г шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны зургаан этгээд тээврийн хэрэгслийн дөрвөн ширхэг дугуй, хоёр ширхэг аккумлятор хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байгаа аж.
Гэмт хэрэг үйлдсэн зургаан этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, нэг эмэгтэй, таван эрэгтэй байв. Тэд хулгай хийсэн эд зүйлсээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ.
Сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.