Өнөөдөр наймдугаар сарын 8 буюу Монгол улсын “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна. Манай улс одоогоос 14 жилийн өмнө буюу 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд “Аавуудын баяр”-ын өдрийг тэмдэглэж эхэлсэн дэлхийн 18 дахь улс болсон юм. Дэлхийд энэхүү баярыг АНУ-ын Вашингтон хотноо Додд хэмээх охин аавдаа зориулж анх тэмдэглэж эхэлсэнээр энэхүү баяр үүссэн түүхтэй.
Сонора Смарт Додд охиныг 16 настай байхад нь түүний ээж нас барж, аав нь болох Уэллиам Смарт гэх хүн түүнийг таван дүүгийнх нь хамтаар ганцаар өсгөсөн байна. “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос нэгэн бодол ер салсангүй гэнэ. Ингээд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна.
Дэлхийн улс орон бүр “Аавуудын” өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монгол Улс нийт 3,2 сая хүн амтайгаас 1.591.848 нь эрэгтэй хүн байна. Үүнээс 628,917 нь 0-19 насны хүүхэд. Монгол эрчүүдийн дундаж наслалт нь 66 нас бол тэдний 8,3 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн тоо баримт бий.