Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Улмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэв. Гэвч одоогоор тэдний нэрийг ихэд нууцалж байна.
Хуулийн дагуу шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо зарлах ёстой байдаг аж.
Энэ жилийн наадмаар шинээр таван улсын начин төрсөн бол нэг улсын начин цолоо ахиулж, улсын харцага цолонд хүрч, нэг аварга цолтон төрлөө. Үзүүр түрүү булаалдахаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар үлдсэнээс Э.Оюунболд арслан ес давж, шинэ аварга цолтон болсон билээ.