Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр шуурхай хуралдаан зарлаж яамдын сайд болон холбогдох албан газрын дарга нарт Тост, Тосон бумын нуруунд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Сауд гоби коэл транс” компаний тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахгүй бол “ажлаа өгөөрэй” хэмээн сануулсан.
“Ажлаа өгөөрэй” гэж хэлмэгц тэдгээр албан тушаалтнууд ямар хурдан ажиллаж, тусгай зөвшөөрлийг ямар шуурхай цуцалж байгааг харж байна уу, та минь? Арьсаа хамгаалсан сайд, дарга нарт энэ үг энэ цаг мөчид ташуур болох ёстой байж л дээ. Өмнө нь эдгээр дарга нарт удаа дараа өгсөн таны албан үүргийг тэд биелүүлэлгүй өдийг хүрсэн. Гэтэл өнөөдөр “ажлаа өгөөрэй” гэж хэлсэн даруйд тэд таны үүрэг даалгаврыг биелүүлж байна.
Эрхэм Ерөнхий сайд аа. Ажлаа хийхгүй байгаа сайд, дарга нарыг яг ингэж л ажил хийлгэдэг болговол зүгээр юм биш үү? Сонгууль дөхчихсөн болохоор бүгд л алдаа гаргахгүйг хичээж дор бүрнээ дуулгавартай царайлж байна шүү дээ. Үүн дээр нь л дөрөөлөөд хөдөлдөггүй ажлуудаа хөдөлгөж, эхэлдэггүй төслүүдээ эхлүүлмээр байна.
Харин ард түмэн бид чинь болохгүй байгаа асуудлаа уйлж байгаад л танд мэдэгдье… Эр эм нь хамаагүй. Энэ чинь л ажил шуурхай бүтээх шилдэг арга байна. Тост, Тосон бумбын яг тэр орчимд өчигдөр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниас гадна хятад, монгол нийлсэн 8 компани бий гэдгийг мартав аа, Сайд, дарга нар аа! Чадахгүй бол ард түмэн нэгдэж байгаад уйлна шүү. Бидний талд уйлахад мэргэшсэн хүмүүс ч олон байна.
Хэрэв нэгэнтээ хариуцлагатай уул уурхайг биелүүлэх гэж байгаа юм бол холбогдох албан газрууд нь Ерөнхий сайдын хэлснээр дахиж битгий тусгай зөвшөөрөл олго. Түүнчлэн одоо олгочихоод байгаа зөвшөөрлүүдээ цэгцэл!