Монгол улсад анх удаа дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн зохион байгуулагдахаар болсон байна.
Энэхүү тэмцээнд оролцож буй тамирчид нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалалтай байх шаардлагагүй бөгөөд мөн улс, бүсээс эрх авах ч шаардлагагүй байх аж. Бодибилдинг фитнессээр хичээллэгч хүн бүр оролцох эрхтэй болж байгаа нь монгол тамирчдын хувьд маш том давуу тал болж байгаа юм.
Тэмцээний жингийн болон ангилал тус бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм байна. Мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон, тэрхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг аж. Тиймээс монгол тамирчдын хувьд энэ удаагийн тэмцээн маш том давуу тал болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Тус тэмцээн наймдугаар сарын 24-ний өдөр 12.00-20:00 цагт Corporate Convention Center-т 13 төрлийн ангиллаар явагдах юм байна. Оролцох хүсэлтэй тамирчид наймдугаар сарын 16-ны дотор өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна http://ifbbpromongolia.com веб хуудсаар бүртгүүлэх боломжтой.