ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд үргэлжилсээр байгаа билээ. Монгол, ОХУ-ыг дамнан урсдаг Сэлэнгэ мөрний нэрээр нэрлэгдсэн тус хамтарсан сургуулилтыг 2008 оноос хойш 12 дахь жилдээ хийж байгаа бөгөөд энэ жилийн сургуулилт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Хоёр улсын хамтарсан сургуулилтын үеэр Халх голын дайнд оролцож явсан ЗХУ-ын дайчдын шарилыг олсон байна. Энэ талаар ОХУ-ын талыг ахалж буй дэслэгч генерал Михаил Носулев “Бид хээрийн сургуулилалтын үеэр Халхын голын дайнд оролцсон цэрэг дайчдын цогцсыг хайж ажил хийж байна. Бид ЗХУ-ын 13 дайчны шарил олдсон. Сургуулилалтын үеэр хүндэтгэлтэйгээр оршуулах болно” хэмээн мэдэгдлээ.