Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтын санал хураалтад эсрэг кноп дарсан гишүүд ашиг сонирхолын зөрчлүүдээ ил болгосоор байна. Засаглалын тогтворгүй байдлыг арилгах, улс орны хөгжлийн нэгдсэн бодлогыг ухраахгүй урагшлуулах зэрэг нийт ард түмний сайн сайхны төлөөх Үндсэн хуулийн гол өөрчлөлтийг хувийн ашиг сонирхолынхоо төлөө хойш татан эсрэг санал өгсөн Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, Л.Болд, М.Билэгт, О.Баасанхүү, Д.Сумъяабазар, А.Ундраа, Ж.Батзандан, Х.Болорчулуун нарын хүсэл чухам юу байв гэдэг анхаарал татав.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд эсрэг кноп дарсан шалтгаан гэвэл Засгийн газраас Тост Тосон бумба дахь лицензийг нь цуцалсан явдалд уурссан гэж таамаглаж болно. Улстөрийг бизнесийн талбар хэмээн хардаг Б.Чойжилсүрэнгийн тухайд ашиг сонирхолын зөрчил ихтэй, эрх мэдлээрээ хувьдаа ашигтай бүхнийг хийдэг, хууль зөрчсөн олон гэмтэй гэгддэг. Харин Ж.Эрдэнэбатын тухайд яагаад эсрэг санал өгөв гэдэг үнэхээр анхаарал татаж байгаа юм. Тэрээр засаглалын тогтворгүй байдал улс оронд ямар их хор хөнөөл дагуулах вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбат Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын үүрэгт ажлыг хийж байсан. Өөрийнх нь тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсаны хариугаа авах гэсэн нь 3,3 сая иргэнээ хоролчихов гэж харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, А.Сүхбат нар эсрэг кноп дарсан явдалд гайхах хэрэггүй. Тэд тендерээс хувь нэхдэг, завшдаг гэдгээрээ танигдсан улстөрчид. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал өөрсдөд нь ашиггүй, хоосон хоцорсон учир эсрэг санал өгсөн байх магадлалтай. Харин Д.Сумъяабазарын тухайд гэвэл тэрээр одоо Засгийн газрын танхимын нэг гишүүн гэтэл яагаад эсрэг санал өгөв гэдэг хачирхалтай. А.Ундраа, М.Билэгт нарыг намынхаа нэр хүндийг унагасан, дахин нэр дэвшүүлэхгүй гэдэг яриа гарсан зэрэг нь эсрэг санал өгөхөд нь хүргэсэн байх талтай юм.
Тэгвэл Л.Болд гишүүн ардчилалын анхдагчдын нэг. Сүүлийн үед нэр хүнд нь навс уначихаад байгаа. Мөн Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ замбараагүйгээр лицензүүдийг олгож хөлжсөн гэдгийг зарим гишүүд ярьдаг. Түүний улстөрийн карьер дуусах шахаанд орж эхэлсэн учир зөв буруу юм бүхэнд оролцох болсон. О.Баасанхүү гишүүн ч хаа явсан газраа хор хутгаж явдаг ард түмний төлөө бус хутган үймүүлэх ажилд гарамгай нэгэн учир ойлгож ядаад байх зүйлгүй. Ийм гишүүд ашиг сонирхолдоо автан Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтыг эсэргүүцэж байна.
Ард түмнийг төрд төлөөлж буй тэдэнд нийт ард иргэдийн ашиг сонирхол нэн тэргүүнд байх тангарагтай. Гэтэл өргөсөн тангаргаасаа няцаж өөрсдийн ашиг сонирхолоо урьтал болгож суугаа дээрхи гишүүдэд сонгогчид нь дүн тавьж суугаа биз ээ…