УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулж байгаа билээ.
Өчигдөр УИХ дахь АН-ын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээс асуулгаар шийдэх ёстой. Хэрэв ард түмнээс асуухгүй бол АН-ын Зөвлөл цаашид “эцэг” хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын чуулганы хуралдаан 20.00 цагийн үед өндөрлөж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Энэхүү хурлаараа Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай эсэхийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжсэн байна. Гэхдээ бүлгээс Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа явуулахаар товлоод байгаа аж.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд тус хурлын дараа УИХ-ын чуулган үргэлжлүүлэн хуралдана.