Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны 9-р сарын 25-ны өдөр “Херо интертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүх 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна.
Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Б-д 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС:
14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ 1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ. 3.Шүүхийн шийдвэрт яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгана. 4.Шүүхийн шийдвэрт заасан бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина. 5.Яллагдагчид энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих бол түүнийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна. 6.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөнийг мэдсэн хүн, хуулийн этгээд тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэнэ.








































































