Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Тухайн хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчдын Хотын даргад мэдээлснээр Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй гэдгийг мэдээллээ.
Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгосон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, үмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.
Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна. Тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана. Иргэд оршин суугчид та бүхэн ч гэсэн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана” гэдгийг илэрхийллээ.