АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр түүний оронд томилох хүнийг танилцуулсан байна. Жон Болтоны “орыг залгах” хүнээр АНУ-ын гадаадад барьцаалагдсан иргэдийг суллуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Роберт О Брайен тодорчээ.
Энэхүү томилгоог Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна. Тэрээр “Одоо төрийн департментад барьцаалагсдын хэргийг хариуцсан ерөнхийлөгчийн тусгай элчээр ажиллаж буй Роберт О Брайеныг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд нэр дэвшүүлж байгааг дуулгахад таатай байна. Би Роберттой удаан хугацаанд хамтран ажилласан. Түүнийг сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэжээ.
Дональд Трамп сэтгүүлчдэд О Брайеныг хамгийн сүүлд хилийн чанадад барьцаалагдсан АНУ-ын гурван иргэнийг суллуулах ажиллагаанд төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хамтран амжилттай ажилласан болохыг онцолсон юм.
Шинээр томилогдож буй О Брайен нь тагнуулын болон үндэсний аюулгүй байдлын салбарт төдийлөн танигдаагүй хүн юм.